Мэндчилгээ

Intro
Тогтмолын Мөнхсайхан
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, санг бүрдүүлдэг даатгуулагч танд болон Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж, мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт эмнэлгийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүддээ, даатгалын салбарын алба хаагчид, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад талууд Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогч зэрэг гурван талын төлөөллөөс бүрдсэн, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий удирдах дээд байгууллага бөгөөд даатгалын үйл ажиллагаа, сангийн бодлогыг нэгдсэн удирдлагаар хангаж, иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой байгууллага юм.

Тус зөвлөл нь сүүлийн жилүүдэд салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд үндэслэн иргэдийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тохирсон тусламж, үйлчилгээний багц, нэр төрлийг өргөтгөх, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн ялгааг арилгах, даатгуулагчдад эрүүл мэндийн улмаас учирч буй санхүүгийн эрсдэлийг бууруулах зэрэг хуулиар тогтоосон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан, тогтвортой байдлыг бэхжүүлэх, чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог төгөлдөржүүлэх, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүгийн болон хүртээмжийн хувьд хүндрэл, чирэгдэлгүй авах бүх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллах болно.

 

Монгол хүн бүр эрүүл байх болтугай.

  

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Т.МӨНХСАЙХАН