ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих дээд байгууллага мөн.

Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, Засгийн газрын тэгш оролцоог хангаж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо болон эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан байдлыг боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлж байна. 

ЭМДҮЗ-ийн эрх

  • эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтэц, дүрмийг батлах;
  • эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн хөрөнгийг тооцох, төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
  • эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг төрийн санд байршуулах, зарцуулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
  • эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, санал боловсруулах, эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх;
  • эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар мэргэжлийн нийгэмлэг, холбоо, шинжээч, даатгуулагч, хамтрагч талуудыг оролцуулсан байнгын болон түр ажиллагаатай ажлын хэсэг байгуулах, ажлын үр дүнг хэлэлцэх;
  • эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах;
  • даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах;
  • хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ЭМДҮЗ-ийн үүрэг

  • эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
  • эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх;
  • эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоох;
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах.
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах;
  • хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

ЭМДҮЗ-ийн бүрэлдэхүүн

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлаас таван жилийн хугацаатай томилдог ба Үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлсөн 3, ажил олгогчийг төлөөлсөн 3, даатгуулагчийг төлөөлсөн 3 нийт 9 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, ажлаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнаж байна.